Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд энэ сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд нийт 285 мянга гаруй хүүхэд хамруулахаас өчигдрийн байдлаар 36.2 хувийг нь үзэж, оношилжээ. Тэдний 11.7 хувь нь Улаанбаатар хотынх аж. Хамрагдсан хүүхдүүдийн 45.1 хувь нь гурав, 38.8 хувь нь зургаа, 26.9 хувь нь 15 настай.
Цаашид үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭХЭМҮТ хамтран өчигдөр цахим хурал зохион байгуулжээ. Уулзалтад аймаг, дүүрэг, нийслэлийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын эрт илрүүлэг хариуцсан 98 албан хаагч оролцсон байна. Хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчлөл, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, өсөлт, хөгжлийг үнэлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд чухал ач холбогдолтой тул үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг үүрэгджээ.
Ч.Цэлмэг