НҮБ-ынАялалжуулчлалын байгууллагаас 2026 оны эхний хагасын статистик мэдээллийг нэгтгэсэн “Дэлхийн аялал жуулчлалын барометр” тайлангийн үр дүнг танилцууллаа. Үүгээр олон улсын аялал жуулчлал энэ оны эхний хагаст 0.4 хувиар өсжээ. Дэлхийн хэмжээнд 690 сая гаруй жуулчин аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс гурван сая орчмоор нэмэгдсэн дүн гэнэ. Шинжээчид “Ойрх Дорнодын мөргөлдөөн, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, хязгаарлалт, нислэгийн тийзийн үнэ, улс хоорондын ялгаатай динамик буюу улирлаас шалтгаалсан идэвхжил аялал жуулчлалын өсөлт саарахад нөлөөлсөн ч тогтвортой түвшнээ хадгалж байна” гэж дурджээ.
2026 оны эхний улиралд олон улсын аялал жуулчлал хоёр хувиар өссөн. Харин хоёрдугаар улиралд жуулчдын урсгал нэг хувиар буурснаар эхний хагасын үзүүлэлт ийнхүү доошилжээ. Үүнд Баруун Европыг хамарсан хэт халалт, Зүүн өмнөд Азид нүүрлэсэн эдийн засгийн сорилт, байгаль, цаг уурын таагүй байдал голлох нөлөө үзүүлсэн гэж дүгнэж байна.
Ж.Сувд