Иргэн Г.Уянга хэвлэл мэдээллийн салбарын зарим сэтгүүлч үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлаар дөрөв дэх өдрөө мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр хотын дарга асан Х.Нямбаатарын үед нийслэлийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэст 14 хүний бүрэлдэхүүнтэй тролл баг ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан байж болзошгүй талаар мэдэгдэв.
Энэ талаар Г.Уянга “Би Туул голоо хамгаалахаар гуравдугаар сараас эхлэн жагссан. Үүнээс хойш тролл хаягаас заналхийлсэн зурвас байнга ирэх болов. Улмаар заналхийлэл даамжирч, хүүхдүүдийг минь чиглэх болсон тул цагдаагийн байгууллагаас намайг хамгаалалтад авсан. Гэтэл эдгээр хаягийг хариуцдаг хүмүүс нийслэлийн ЗДТГ-ын байрны III, IV давхарт байрлах “Нэгдсэн төв”-д иргэд, олон нийтийн сүлжээ хариуцсан ажилтны нэрээр 14-үүлээ ажиллаж байсан тухай мэдээлэл ирлээ. Тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан байж болзошгүй сэжүүр олдсон тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Энэ бол нийгэмд байж болохгүй үзэгдэл” гэв.
Түүнчлэн тэрбээр “Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг малчдын зээлтэй холбоотой худал мэдээлэл тараасан хэмээв. Г.Уянга “Иргэд автомашиныг зээлээр авахдаа өөрийн биш, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгүүлдэг. Мөн Н.Өнөрцэцэг ХААН банкнаас малчны зээл авч, 400 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж мэдээлсэн. Гэвч тус банкны малчны зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байдаг” гэсэн юм. Харин дээрх мэдээлэлд нэр дурдагдсан талууд одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна.
У.Сүрэн