“Гүрү” медиагийн шинэ уран бүтээл, найруулагч С.Бямбын “Зогсоол” Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртэж, түүхэн амжилт үзүүлэв. Тодруулбал, Олон улсын шүүмжлэгчдийн (International critics prize), Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний (NETPAC), Хайлайф вишн (Hylife vision) болон Жисеокын вишн (Vision of Jiseok) авардыг тус тус хүртэж, Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. “Зогсоол”-ыг ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүмүүний зовлон зүдүүрийг нээн харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, итгэл найдварын тухай гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн шагналд тодотгожээ.
Найруулагч С.Бямба шагнал гардах үеэрээ “Багагүй хугацаа туулж бүтсэн кино маань эцэст нь үр шимээ өгсөнд ихэд баяртай байна. Нийт дөрвөн шагнал хүртсэнээс Ким Жисеокын нэрэмжит авард сэтгэлийг минь гойд хөдөлгөлөө. Тэрбээр Пусаны олон улсын кино наадмын үүсгэн байгуулагч. Тус наадмыг Азийн шилдэг кино сонгон шалгаруулалт болгоход голлох хувь нэмэр оруулсан хүн” гэдгийг онцолсон. Сонирхуулахад, найруулагч С.Бямба нь уг кино наадамд долоо дахь удаагаа оролцож буй бөгөөд анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Алсын удирдлага”-аараа “Шинэ давлагаа” авард хүртэж байв.
М.Гэгээ