Филиппин улсад болж буй Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны VII Ерөнхий ассамблей болон олон улсын бага хурлын үеэр тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох санал хураалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-г Азийн бүсийг төлөөлөх гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгов.
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоонд 111 улсын 121 сонгуулийн байгууллага гишүүнчлэлтэй бөгөөд үүний дунд Азийн 21 орон багтдаг аж. Тэгвэл манай улсын СЕХ гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор бүс нутгийнхаа 21 орны 26 байгууллагыг төлөөлөх эрхтэй болж байна.
Ингэснээр олон улсын сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагаанд оролцоогоо өргөжүүлэх, үүнтэй холбоотой шинэ сорилтуудыг хамтран шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, бүс нутгийн гишүүдийн санал, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх боломж бүрддэг аж. Ийм боломжийг нээхийн тулд СЕХ зөвлөлийн гишүүнд нэр дэвшихдээ хамтын ажиллагааны гурван чиглэлийг онцолжээ.
Үүнд сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, удирдлага, зохион байгуулалтад тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх, хиймэл оюунаар бүтээсэн, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл зэрэг технологийн шинэ эрсдэлээс сонгуулийн шударга, найдвартай байдлыг хамгаалах талаар дурджээ. Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр гишүүн байгууллагуудын туршлага солилцох, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлийг багтаасан байна.
Ж.Сувд