Панамд энэ сарын 9-нд газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлснөөс хойш 420 гаруй удаагийн давтан чичирхийлэл бүртгэгдээд байна. Гамшгийн улмаас 27 хүн гэмтэж, 900 орчим барилга эвдэрч сүйджээ. Үүний дараа энэ сарын 12-нд тус улсад газар дахин зургаан магнитудын хүчтэй хөдөлсөн аж.
АНУ-ын Геологийн албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нийслэл Панама хотоос өмнө зүгт 200 орчим километрийн зайд, Эррера мужийн Питалоза-Арриба суурингийн ойролцоо байжээ. Байгалийн гамшгийн улмаас олон барилга, байгууламж сүйрч, цахилгаан хангамж тасалдсанаас гадна “Токумен” олон улсын нисэх буудлын нислэгийг түр хугацаанд зогсоосон гэнэ. Түүнчлэн хэд хэдэн мужийн зам, гүүр эвдэрч, зарим суурингийн оршин суугчид гэр орноо орхин аюулгүй газар барааджээ. Үүнтэй холбогдуулан Панамын эрх баригчид гамшгийн бэлэн байдал зарлаж, сэргээн босгох болон тусламжийн ажилд зориулан 100 сая ам.долларын санхүүжилт гаргахаар шийдвэрлэсэн байна. Мөн АНУ-ын талаас тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид таван сая ам.доллар хуваарилахаа мэдэгджээ.
Э.Сүйлэн