“Өвөр Монголын музей”-н санд 50-60 төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдвор хадгалж байна.
Хүний нутагт хөл тавьсан хэн бүхний хамгийн түрүүнд харахыг хүсдэг зүйл нь жирийн иргэдийн аж байдал. Нийтийн тээврээр зорчиж, гудамж, хүрээлэнгээр алхаж, хүнсээ цуглуулж, хүүхдээ салхилуулж байгаа гэхчлэн өдөр тутмын амьдралын энгийн хэрнээ эгэлгүй өрнөлөөр тухайн нийгмийн өнгийг зэрвэс тольдох боломжтой. Чухамхүү энэ өнцгөөс харахад өмнөд хөршийн аль ч хэсэгт налгар намар шиг аж. Хэдэн саяар хэмжигдэх хүн амтай нүсэр хотын иргэд ч, хөдөө нутгийнхан ч ялгаагүй амьдралын амт нь хөдөлмөр гэдгийг мэдэрч, үр шимийг нь харуулж байна. Монгол, Хятадын сэтгүүлчдийн ХVI форумын хүрээнд Чэнду болон Хөххотын бүтээн байгуулалт, түүх, соёлын дурсгалт газруудтай танилцаж явахдаа ийнхүү тольдлоо. Харсан үзсэн зүйлсээ уншиж, судалсан мэдлэг, мэдээллээр “хачирладаг” уламжлалаар аяны тэмдэглэлийнхээ удаах хэсгийг дэлгэе.
“ҮЛЭГ ГҮРВЭЛ”, ҮНЭЭНИЙ СҮҮГЭЭРЭЭ АЛДАРТАЙ
Форум болсон Хөххот бол БНХАУ-ын хойд хэсэгт, нэг сая 181 104 ам км газар нутагт орших ӨМӨЗО-ы нийслэл. 1949 онд байгуулсан энэхүү автономит мужийн нутаг дэвсгэрийн бараг тал хувийг уулархаг бүс эзэлдэг, ойролцоогоор 25 сая хүн амтай. Далайн түвшнээс 1050 метрийн өндөрт орших Хөххот багцаагаар 3.7 сая иргэнтэй, үүний 10 орчим хувь нь монгол үндэстэн гэсэн баримтыг өнгөрсөн хавар шинэчилсэн албаны мэдээлэлд дурджээ. Уламжлалт хүнд үйлдвэрээс гадна өндөр технологи, ногоон эрчим хүч, био инженерчлэлийн чиглэлээр эрчимтэй хөгжиж буй тус хотын орлогын багагүй хувийг аялал, жуулчлалаар бүрдүүлдэг аж. Гадаад арилжааны хувьд Монгол Улстай хийх худалдааны эргэлт нь сүүлийн жилүүдэд эрс өсжээ. Эндхийн “Тянюань” дэлхийн худалдааны төвд 2023 нээсэн “Монголд үйлдвэрлэв” худалдааны танхимд манай 20 гаруй аж ахуйн нэгжийн ноос, ноолуур, арьс, шир, хүнс зэрэг олон бүтээгдэхүүн борлуулдаг талаар хөтөч маань сонордуулав. 2025 оны эцсийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүн нь 427.8 тэрбум юаньд хүрсэн энэ хот Хятадын “сүүний нийслэл” гэдгээрээ алдартай. Улсдаа төдийгүй тивийн хэмжээнд тэргүүлдэг эл салбарынхан жилд дунджаар найм орчим сая тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 50 гаруй хувийг нь экспортолдог юм байна. 120 ам км талбай бүхий “Или” эрүүл мэндийн хөндийд төмөр “хүмүүс” ихэнх ажлыг нугалдаг бол хиймэл оюунаар малын эрүүл мэнд, сүүний гарцыг хянадаг системтэй гэсэн.
Үүнээс гадна тухайн бүс нутгаас илрүүлсэн үлэг гүрвэлийн олдворууд болон тэдгээрийг “амилуулан”, танилцуулдаг “Өвөр Монголын музей” нь Хөххотыг олон улсад сурталчлах бас нэгэн нэрийн хуудас ажээ.
Тус музейг үзэж сонирхох боломжийг форум зохион байгуулагч талынхан олгосонд дахин талархал илэрхийлье. Тайландын Бангкокийн “Юрийн галвын ертөнц” (Jurassic world) паркийнхаас ялгаатай нь эндхийн үлэг гүрвэлүүд бүгд бодит буюу эрт цагт энэ дэлхийд оршин байсныг нь шинжлэх ухаанаар нотолж, бүртгэлжүүлсэн, өөрийн гэсэн нэртэй чулуулжсан олдвор юм.
Цэрдийн галвын үеийн, тэр тусмаа бүтнээрээ шахам олдсон олдворууд, үүртэйгээ өндөгнүүд зэргээрээ үзэгчид төдийгүй судлаачдын сонирхлыг гойд татдаг музейн хамгийн алдартай “нөхдийн” нэг нь нурозавр каганенсис.
Ойролцоогоор 130 сая жилийн тэртээх үлэмж биетэй, өвсөн тэжээлт зауроподын нэг төрөл бөгөөд 1985 онд Шилийн гол аймгийн Цагаан нуурын сав газарт химийн үйлдвэр барих үед илрүүлжээ. Чаганнурозавр ч хэмээдэг энэ амьтны урт нь 25, өндөр нь найман метр, 18.5-25 тонн жинтэй байсан гэж тооцолсон. Хүзүү, сүүл нь урт, жижиг толгойтой үлэмж биетний араг ясны бараг 70 хувь нь маш сайн хадгалагдсан байжээ. Үүнийг сэргээн босгож, музейн “Prehistoric world” буюу Түүхийн өмнөх үеийн ертөнц хэсэгт залсан байна. Ташрамд сонирхуулахад, эл олдвор олон улсын үзэсгэлэнгүүдэд тавигдаж, алдаршсан ч шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй буюу албан бус статустай. Мэргэжлийн хэлээр үүнийг нэр төдий гэсэн утгатай nomen nudum буюу нүцгэн нэр гэдэг. Албан ёсны баримт бичиг нь дутуу олдвор гэсэн үг. Аливаа шинэ төрөл зүйлийг албан ёсоор бүртгэлжүүлэхийн тулд тухайн олдворыг нарийн тодорхойлсон мэргэжлийн судалгааны өгүүллийг шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэх журамтай. Хятадын палеонтологич Донг Жимин 1992 онд энэ дагуу баталгаажуулаагүй ажээ.
Ингэж бүтнээрээ шахам олдсон чулуужсан олдвор дэлхийн хэмжээнд нэн ховор ч энэ музейд бол хэд хэдээрээ байна. Бүр олдворын эх хувиар угсарсан нь байх юм. Галвын үеийн үлэмж биетнүүдийг бидний ярьдгаар “амьдаар” нь харах боломжийг ийнхүү бүрдүүлсэн нь гайхалтай.
95-аас дээш хувь нь бүтнээрээ, ямар ч гэмтэлгүй олдсоноороо дэлхийд гайхагдсан Баяннуур үлэг гүрвэл (Bayannurosaurus) ч энд бий. Өвсөн тэжээлт игуанодоны бүлэгт багтдаг Баяннурозавр ойролцоогоор 121 сая жилийн тэртээгээс өнөө цагт “ирсэн” бөгөөд 2013 онд ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн цөлөрхөг бүсээс олджээ. Ойролцоогоор есөн метр урт эл амьтны гавлын яс 80 см бөгөөд үлэг гүрвэлүүдийн анатомийн хувьслын шинж чанарыг агуулсан олдвор гэдгээрээ эрдэмтдийг “дурлуулсан”.
Үүнтэй зэрэгцэн танхимын төв хэсэгт заларсан өөр гайхамшигт олдвор бол протоцератопс болон пситтакозавр. Цэрдийн галвын дээд болон эхэн үед амьдарч байсан эдгээр амьтны чулуужсан ясыг Өвөр Монголын говиос илрүүлжээ. Жижиг биетэй, эвэрт үлэг гүрвэлүүдийн араг яс бүтнээрээ олдсон бөгөөд судалгааны явцад үр хөврөлтэйгөө “мөнхөрснийг” нь мэджээ. Түүнчлэн протоцератопсын гэр бүлийг үүртэй нь, өндөгнүүдтэй нь харж болно.
Ийм онцгой “амьд” олдворуудтай хоршуулан илүү сонирхолтой байдлаар “орлон тоглогчдыг” ч танхимд байршуулжээ. Тодруулбал, Хятадын нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлүүдийг бодит хэмжээгээр нь, яг л амьд мэт бүтээж, бүр хөдөлгөж, архируулж байх юм. Тэдгээрийг бодит мэтээр хүлээн авч, бүлтэлзэх багачууд, хүүхдүүд олон төрлийн мэдлэг, мэдээллээр цэнэглэгддэг нь энэ музейн хамгийн чухал ач холбогдол.
69 жилийн түүхтэй, улсдаа тэргүүлэх дэстэй, “Өвөр Монголын музей” 147 000 ам метр талбай, 10 танхим бүхий шинэ байрандаа өнгөрсөн онд төвхнөжээ. Хуучин чулуун зэвсгийн үе, Мин, Чин гүрэн, эртний нүүдэлчдийн түүх соёлын дурсгал, палеонтологийн олдворууд гэхчлэн 150 000 гаруй үзмэртэй, 29 000 хүнийг зэрэг хүлээн авах хүчин чадалтай гэхээр хэмжээ, чансааг нь илтгэх биз ээ. Хамгийн талархууштай нь гадаад, дотоодын хэн бүхэнд үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ. Ер нь Хятад улсын хэмжээнд музейнүүдийн 90 гаруй хувь нь ийм жишиг үйлчилгээтэй гэсэн. Иргэдийнхээ танин мэдэхүйн эрхийг хүндэлж, үүх түүх, соёлоо ийм аргаар түгээн дэлгэрүүлж байгаа нь том бодлого. Тиймдээ ч хөл тасардаггүй энэ музейг өнгөрсөн нэг жилийн хугацаанд барагцаагаар гурван сая хүн үзсэн, оргил үедээ өдөрт 37 000 үйлчлүүлэгчтэй байсан гэх мэдээлэл бий. Хэрэв та тус газрыг зорих бол 16.00 цагаас хожимдуузай. Учир нь хаахаас нэг цагийн өмнөөс үзэгчдийг дотогш нэвтрүүлдэггүйгээс гадна даваа гарагт амардаг гэсэн.
Чэндугийн хүн дүрст роботын инновацын төвийн “хүүхдүүд”-ийг олон салбарт ашиглах боломжтой.
НҮД ИРМЭХ ЗУУРТ ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА
Дундад улс нүсэр бүтээн байгуулалт, барилга, байгууламжуудаараа алдартай. Хүн амын тоо, эдийн засгийн чадавхаараа “зоддог” айлын хувьд энэ нь тийм ч гайхмаар зүйл биш байх. Гэхдээ “боломжгүйг” ч бодит болгож, үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг ухааныг нь шагшихгүй байх аргагүй. Эрс хурдацтай хөгжлийнх нь нэг түлхүүр энэ буй за. Ялангуяа робот, хиймэл оюун хөгжүүлэлт нь “атаархмаар”.
Хятадууд Хөххотыг дэлхийн ногоон хиймэл оюуны (AI) тооцооллын төв болгон хөгжүүлж буй. Үүний хүрээнд дэлхийд тэргүүнд эрэмбэлэгдэх үүрэн холбооны операторын ухаалаг тооцооллын төв байгуулжээ. Хүчин чадал нь 20 100 петафлопс гэхээр 201-ийн ард 16 тэг жагсах хэмжээний үйлдлийг нүд анивчих зуурт л хийнэ гэсэн үг, төсөөлөхөд ч аймар. Энэ мэт том дата төвүүд бүхий цогцолбор нь нар, салхины эрчим хүчээр ажилладаг аж. Дэлхийд “Эдийн засгийн өсөлттэй шилдэг 20 хот”-ын жагсаалтад багтсан Хөххотын талаар энэ мэтээр дэлгэвэл дуусахгүй.
Тэгвэл Хятадын баруун бүсийн технологи, инновацын хамгийн том төв гэсэн “гуншинтай” Чэнду хот ухаалаг үйлдвэрлэлээрээ мөн л дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтсныг илтгэх хэд хэдэн байгууллагатай бидний хэдэн сэтгүүлч танилцсан юм. Бүгдийг тоочилгүй заримыг нь онцолъё. Тус хотын өндөр технологийн бүсэд байрлах “Чэнду Минтү технологи” компани 12 жилийн түүхтэй ч хиймэл оюун хөгжүүлэлтийн шилдэг жишигт тооцогддог юм байна. Юугаараа анхаарал татдаг вэ гэхээр, “WorkBrain” буюу компьютер доторх AI ажилтан гэх экосистем нь ажлын бүтээмж нэмэгдүүлэх загварт суурилжээ. Энэ нь жигтэйхэн “ид шидтэй” буюу хүний тархи шиг логик дараалалтайгаар, бие даан төлөвлөж, шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг систем гэсэн. Хэдийгээр гайхамшигтай мэт боловч хиймэл оюун хяналтаас гадуур бие даан шийдвэр гаргаад, бусад сүлжээ рүү халдаад, зохиомол мэдээлэл үүсгэсэн ноцтой асуудал өнгөрсөн зун гарсныг “OpenAI” компани мэдээлж, үүний улмаас энэ салбарын тэргүүлэгчид хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах уриалга хүртэл гаргасныг санаад жаахан “жийрхэв”. Ийм сүрхий зүйл бүтээдэг компанитай зэрэгцэн, хоршин байрлах Чэндугийн хүн дүрст роботын инновацын төвд харин “хиймэл хүмүүс” төрөл бүрээрээ төрж, өсдөг юм билээ. Бүр дөрвөн хөлт роботууд ч байна. Эдний бүтээсэн humanoid robot буюу хүн дүрст роботуудын хөдөлгөөн нь уян хатан, чөлөөтэй, тэнцвэртэйгээрээ онцлог болохыг хөгжүүлэгчид нь тайлбарлаад зориуд нэг “нөхрийг” газарт унагаад, өөрөө үсрэн босохыг нь харуулахад сонирхолтой хэрнээ хүүхэд шиг өхөөрдөм санагдав.
Өөр нэг “хөөрхөн” нь гар барихаас эхлээд нүдээ эргэлдүүлэн, инээх, уурлах, дургүйцэх зэргээр олон янзаар аашилж байгааг нүүрний хувирлаар илэрхийлэх юм. Мэдээж хөдөлгөөн нь тодорхой хугацааны давтамжтай бөгөөд хяламхийн харах үед нь “түүнтэй уулзсан” хүмүүс “Ааштай эд юм” гэхчлэн тоглоом шоглоом болох нь зугаатай санагдлаа. Энэ мэт роботуудыг дэлгүүр, зоогийн газарт ачигч, зөөгч, үйлчлэгчээр ашиглахаас гадна гудамж, талбайд эргүүл хийх туршилтууд ч тодорхой шатанд явж байгаа гэсэн. Дөрвөн хөлт роботуудын хувьд голчлон харуул хамгаалалт, аврах ажиллагаа, уул уурхай зэрэг хүнд нөхцөлд, хүн хийхэд ярвигтай ажилд зүтгэнэ. Өнөөгийн байдлаар газар тариалан, гүний уурхайд өөрийгөө хэдийн батлаад үр дүнгээ харуулсан робот бүтээл хэд хэд бий гэсэн.
Хүн төрөлхтөний ирээдүйн хөгжил рүү түүчээлэх чухал зэвсэг болсон энэ мэт технологийг өмнөд хөршийнхөн бусдаас өрсөн сайжруулж, урьтаж хөдөлсөөр байна.