Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18- нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, гишүүдийн санал хүсэлтийг сонсон, зарим асуудлыг шийдвэрлэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар түр чөлөөлдөг. Түүнчлэн төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Гэхдээ холбогдох бичиг баримтын хамт цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх шаардлагатай. Мөн хуулийн 12.7-д хөдөө, орон нутгийн цэрэг татлагаас хоцорсон иргэдийг нийслэлийн есөн дүүргийн аль ч цэгт нөхөн хамрагдах боломж олгодог. Энэ удаагийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн байруудыг өөрчилсөн. Иймд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ажилтнаа цэрэг татлагад хамруулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.
Залуус тэнцсэн, үгүйгээс үл хамааран цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамрагдаж, дүгнэлт гаргуулах боломжтой. Цэрэг татлагад ирэхдээ иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг, их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатаа авчрахыг албаныхан сануулсан юм.
О.Оргилох