Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформ нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд улсын хэмжээнд 24 “Жоб центр” байгуулаад байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр дахин нэг төв ашиглалтад оруулаад буй нь “Жоб кафе” юм.
Ажил хайх явцыг илүү сонирхолтойгоор, тав тухтай орчинд кофе уунгаа нөхөрсөг уур амьсгалд карьераа төлөвлөх боломжийг тус төв иргэдэд олгоно. Тодруулбал, хөдөлмөрийн биржийг залууст ээлтэй, дижитал болон соёлын нээлттэй орон зай болгон хувиргаж, дэлхийн жишигт нийцсэн карьерын экосистемийг эх орондоо нутагшуулах алсын хараатайгаар эл кафег ажиллуулах аж. Мөн залуусын давуу талыг оношлон тодорхойлж, мэргэжлийн зөв замд хөтлөх, ажил олгогч эздийн уулзалт, богино хугацааны чадавхжуулах сургалт, дадлага явуулах, түр, байнгын ажлын байранд зуучлах, төсөл, хөтөлбөрийн мэдээллийг хүргэнэ гэв.
М.Гэгээ