Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар хот болон говь, хангай, хойд, төвийн болон зүүн, баруун бүсээс шалгарсан 64 хүүхэд гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорьж буй. Тухайлбал, Улаанбаатар бүсээс ерөнхий боловсролын IV сургуулийн “Хар ирвэс”, 149 дүгээр сургуулийн “Хангарди” баг болон Дундговь, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд аймгийн сурагчид шалгарч, аваргын төлөө өрсөлдөж байна.
Тэд жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордлого, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөр аваргаа тодруулах гэнэ. Өсвөрийн аврагч бүлгийнхэн болзошгүй гамшиг, аюулт үзлэгдэл, осол, гэмтэл, бэртлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших үйл ажиллагаанд багш, эцэг, эх, олон нийт, иргэдийг уриалахад оролцдог аж.
Ташрамд дуулгахад, онцгой байдлын байгууллагаас Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэм байгуулжээ.
Ч.Болор