“Азтай савар” төрийн бус байгууллагынхан Олон улсын гэрийн тэжээвэр амьтан хамгаалах байгууллагынхантай хамтран нохой, муурт үржил хаах мэс ажиллавар хийх хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь орон нутагт хяналтгүй үржиж буй гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг тэдэнд ээлтэй аргаар хязгаарлах, гудамжны амьтдаас үүдэлтэй халдварт өвчин болон иргэдийн аюулгүй байдалд учрах эрсдэлийг бууруулах зорилготой аж. Төслийг Мал эмнэлгийн ерөнхий болон Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар, зөвлөх үйлчилгээний MMCG компани ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байна.
Мал, амьтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг газар орон нутагт хүртээмжгүй байдгаас иргэд муур, нохойгоо дархлаажуулалтад хамруулж, үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгэж чаддаггүй гэнэ. “Азтай савар”-ынханд энэ чиглэлээр аймаг, сумд ажиллах саналыг орон нутгийн иргэдээс үргэлж ирүүлдэг ч очсон үед нь муур, нохойгоо авчрах хүн цөөн байдаг гэнэ. Иймд Сэлэнгэ аймгийн төвийнхнөөс гадна ойр орчмын сумын иргэдийг ч тэжээвэр амьтдаа авчран, мэс ажиллавар хийлгэхийг тус хөтөлбөрийнхөн уриалав. Хөтөлбөрт хамруулах амьтдад тавих гол шаардлага нь зургаагаас дээш сартай, эрүүл, асран хамгаалагчтай, бүртгэлтэй байх гэнэ.
Ж.Сувд