Францад болж буй жагсаалын үеэр 2400 гаруй хүнийг саатуулсан бөгөөд, нэг иргэн зүрхний шигдээсээр нас баржээ. Тус улсын ахлах сургуулийн сурагчид багшийн хүрэлцээ, сургалтын орчны асуудлаар өнгөрсөн сараас үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн бөгөөд уг хөдөлгөөн идэвхжихийн хэрээр амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доголдлыг шүүмжилсэн өргөн хүрээний тэмцэл болон хувирсан байна. Сүүлийн гурван хоногт Парисын төвд эмх замбараагүй байдал үүсэж, дэлгүүрүүдийг дээрэмдэн, олон нийтийн барилгуудад гал тавьсан нь ойрын жилүүдэд гараагүй ноцтой үймээн болов.
“Reuters”, “Associated press” агентлагаас мэдээлснээр улс даяар 800 мянга орчим хүн оролцсон эл цуглааныг эхэндээ тайван замаар үргэлжлүүлсэн ч зарим жагсагч хууль сахиулагчидтай сөргөлдөн, худалдааны төвүүдийг тонон сүйтгэж, нийтийн эзэмшлийн барилга байгууламжид гал тавьжээ. Тухайлбал, Парис, Марсель, Лион, Лимож зэрэг хотод дэлгүүр, цагдаагийн газар болон нутгийн захиргааны ордон халдлагад өртсөн байна. Марсельд жагсагчид хотын захиргааны байранд нэвтэрсэн бол Лионд аялал жуулчлалын мэдээллийн төвийг шатаажээ. Түүнчлэн Лиможийн 143 жилийн түүхтэй барилга галд өртөж, ихэнх нь сүйдсэн гэнэ.
Улмаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон тайван замаар шаардлага тавьж буй иргэдийг хүчирхийлэл үйлдэгчдээс зааглах хэрэгтэйг онцолж, өмч хөрөнгө сүйтгэхийг буруушаалаа. Тэрбээр онц байдал зарлаагүй ч шаардлагатай тохиолдолд орон нутгийн эрх баригчид тодорхой цуглааныг хориглох боломжтойг мэдэгдсэн юм. Эдийн засгийн сайд Ролан Лескюр хохирсон бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлнэ гэдгээ илэрхийлэв. Засгийн газрын талаас уг үймээнд хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүдийг буруутгаж буй бол сөрөг хүчний зарим төлөөлөгч сурагчдын шаардлагад бодитой хариу өгөхийг уриалжээ.