Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хуралдааны үүрэг, даалгаврын биелэлт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох албан даалгаврууд өгөв. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас 90 хувь хэрэгжүүлсэн аж. Давс 10 016, бодис 6140 тонныг нөөцөлж, давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техникийн бэлэн байдлыг хангажээ. Мөн харьяа байгууллагуудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт эхлүүлсэн байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй нийтийн эзэмшлийн зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13-ыг нь дуусган Улсын комисст хүлээлгэн өгчээ. Түүнчлэн хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88, төвийн зургаан дүүргийн орон сууцын хороолол дундах 34 байршлын 18.2 км замын гүйцэтгэл 53, явган хүний болон дугуйн замынх 52 хувьтай байна. Иймд хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлж, гэрээ сунгасан ажлуудын гүйцэтгэлд анхаарч, үнэлэлт дүгнэлт хийх, хугацаа алдвал шалтгаан нөхцөлийг тодорхойлж, хариуцлага тооцох үүрэг, даалгавар өгчээ.
О.Оргилох