БНХАУ-ын Макао хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн 12 дахь форумаар утаагүй үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалтын шинэ суваг, хиймэл оюуны нөлөө, соёлын өв болон тогтвортой хөгжил зэрэг олон чухал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.
2025 онд олон улсын жуулчдын тоо 1.5 тэрбумд хүрч, өмнөх жилийнхээс дөрвөн хувиар өссөн бол энэ онд мөн ийм хэмжээнд өсөлт үзүүлэх төлөвтэй гэнэ. НҮБ 2027 оныг “Тогтвортой, тэсвэртэй аялал жуулчлалын олон улсын жил” болгож зарлаад буй нь байгальд ээлтэй, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөж, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэйг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Шайха Аль Нувайс энэ үеэр онцолжээ.
Харин Дэлхийн аялал жуулчлал, аяллын зөвлөх байгууллагын Ерөнхийлөгч Глория Гевара тус салбарын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэргүүлэх найман чиглэлийг зарласан байна. Үүнд, аюулгүй аяллыг дэмжих цахим стандарт болон биометр технологи, хэт төвлөрлийг бууруулах тогтвортой менежмент, шинэ технологи (хиймэл оюун, робот), хямралын үеийн удирдлага, агаар, газар, далайн хилийг холбосон аяллын чиглэл, ажиллах хүчний ур чадвар, хүний нөөцийн бодлого зэргийг нэрлэжээ.
Эл форумыг зохион байгуулагч Макао хот өнгөрсөн онд 40 сая жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилт тогтоосноо олон улсын төлөөлөгчдийн өмнө албан ёсоор зарласан байна.
Ж.Сувд