Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын хошууч цолтой офицер гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодсон гэх дуулиан өнгөрсөн зургаадугаар сард олны анхааралд өртөж байв. Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн Ц.П-т холбогдох хэргийг шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон эмэгтэйгээ хээр аваачин зодож, хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийн талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж эхэлмэгц БХЯ-ны удирдлагын шийдвэрээр цолыг нь хураан, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Ц.П-ийг Эрүүгийн хуулийн 11.4-2.1, 12.1-2.3, 12.1-2.8 дахь хэсгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүч хэрэглэж, олон тооны шарх, зовиур үүсгэж, харгис хэрцгий аргаар эрүүл мэндэд нь халдаж, хүндэвтэр хохирол учруулсан, хүчиндсэн гэх заалтын дагуу яллагдагчаар татан шалгасан аж.