18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат киног өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Зургаан жилийн турш зураг авалтыг нь хийсэн тус бүтээлээр Монголын говийг туулан Хятадын хил рүү нүүрс тээвэрлэдэг эмэгтэй жолооч С.Майхүүгийн амьдралыг харуулжээ. Тэрбээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө осол гарах эрсдэл өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн баталгаагүй орчинд ажиллаж, амьдралаа авч явахын тулд зогсолтгүй тэмцдэг нэгэн аж. Киноны зургыг Өмнөговь аймгийн “Тавантолгой”, “Нарийнсухайт” нүүрсний орд, Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад болон нүүрс тээврийн замд авчээ. Уул уурхайн салбар хурдтай хөгжихийн зэрэгцээ их хэмжээний мөнгө эл зах зээлд эргэлдэж буй ч цаана нь орхигдсон тээвэрчдийн амьдрал, хөдөлмөрийн хүнд нөхцөлийг бодитоор нээж харуулснаараа онцлогтой.
Францын “Petite maison production”, Монголын “iCity films” компанийн хамтран бүтээсэн эл киног өнгөрсөн зургаадугаар сараас олон улсын үзэгчдэд хүргэсэн бөгөөд Нью-Йоркийн “Трайбека”, Британийн “Шеффилд докфест” кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ. Мөн Цюрихийн кино наадмаас шагнал хүртсэн аж. Найруулагч Ч.Хоролдорж өмнө нь “Зүүд” богино хэмжээний бүтээлээрээ Каннын кино наадмын “Short film corner” хэсэгт оролцож, “Шарга даага” уран сайхны киногоо Бусан, Фрибургийн наадамд толилуулж байв. Түүнчлэн “Говийн бүсгүй” бүтээлээрээ Британийн “Grierson Award”-ын шилдгээр шалгарсан уран бүтээлч юм.
Энэ пүрэв гараг хүртэл үргэлжлэх “Улаанбаатар” олон улсын кино наадмаар Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг дэлхийн нэр хүндтэй наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байна. Энэ үеэр нийт 18 бүтээл толилуулахаас гадна олон улсын болон монгол киноны үзвэр, баримтат киноны хөтөлбөр, уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, “Хангарди” шагнал гардуулах ёслол зохион байгуулах юм. Тухайлбал, “Үзэхийн хязгаар” хэсэгт найруулагч И.Нямгаваа, Б.Балжинням нарын “Гарын таван хуруу”, И.Нямгаваагийн “Нандин эрдэнэ” зэрэг Монголын кино урлагийн сор бүтээлийг дахин толилуулж байна. Харин “Монгол кино” хэсэгт “Цагаан хадны өнгө”-өөс гадна “Ханын зураач”, “Явуулын хүн говьд” зэрэг бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож буй.
У.Сүрэн