Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь “Мимо агропарк”-ийнхан хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор чихрийн манжинг 1200 га-д тариалсан нь амжилттай болж, эхний ургацаа хураан аваад байна. Жил бүр 30-40 сая ам.доллароор элсэн чихэр импортолдог манай улсын хувьд энэ нь стратегийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
Сахарын үндсэн түүхий эд болох чихрийн манжинг Монголд өмнө нь тарьж, ургуулах гэж чамгүй туршиж байжээ. Харин “Мимо агропарк”-ийнх тэдгээр туршилт, тариалалттай харьцуулахад орчин үеийн шийдэл болон агро-технологийг хослуулснаараа онцлогтой гэнэ. Чихрийн манжин нь ус маш их шаарддаг ургамал тул тус паркийнхан хөрсний чийгийг автоматаар мэдрэх зориулалттай дугуй цацалтын, дуслын усалгааны систем нэвтрүүлсэн байна. Мөн химийн бордооны хэрэглээг халж, өөрсдийн үйлдвэрийн эрдсээр баяжуулсан органик холимог болон премикс ашиглан хөрсөө тэжээж, манжингийн чихрийн агууламжийг дээд түвшинд хүргэсэн талаараа мэдээлэв.
Улмаар гар ажиллагааг халж, үр суулгахаас эхлээд навч тасдах, ургац хураах, ачих хүртэлх бүх шат дамжлагыг европ стандартын дагуу тусгай зориулалтын техникээр гүйцэтгэсэн аж. Ургацын чихэрлэг чанар бусад орныхоос ч дутахгүй өндөр түвшинд гарсныг онцолсон. Ингэснээр тариалалтын үр дүн, ургацын гарц, түүхий эдийн чанарт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх боломж нээгджээ.
М.Гэгээ