Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан говийн идэвхтэн байгаль хамгаалагчдад автомат камер олгож, ажиглалт, хяналт мониторинг хийх аргачлалуудыг зааж байна. Энэхүү ажлыг “Нутгийн иргэдэд түшиглэсэн сайн дурын хамгаалалтын сүлжээ” хатөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд гол зорилго нь байгаль, зэрлэг амьтан хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж. Ялангуяа цоохор ирвэс зэрэг нэн ховор амьтдыг хууль бус ангийн золиос болохоос сэргийлэх, тэдгээрийн байршил нутгийг хамгаалахад анхаарах гэнэ.
Тус нийгэмлэгийнхэн идэвхтэн байгаль хамгаалагчдын сүлжээ байгуулах зорилт дэвшүүлжээ. Үүнийхээ хүрээнд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадтай хамтран зэрлэг амьтдын мониторинг хийх, судалгааны өгөгдөл цуглуулах аргачлалуудыг иргэдэд зааж сурган, дадлагажуулж байгаа аж. Энэ хамтын ажиллагааны үр дүн гарч, идэвхтэн байгаль хамгаалагчид зэрлэг амьтдын ховор, сонин зан төрх, онцгой мөчүүдийг зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан дамжуулж эхэлжээ. Тухайлбал, байгаль хамгаалагч Н.Мөнхбаясах уулын бэлд гэр бүлээрээ ундаалж буй цоохор ирвэсийн зургийг авсан байна. “Уулын эзэн”-ийг уст цэгээс олуулаа нэг дор ундаалж байх үед нь ойроос, тод зураг авсан тохиолдол ховор аж.