Байгаль орчны болон зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан олон улсын байгууллага, хувийн хэвшлийн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран сүүлийн 10 жилд зэрлэг амьтанд ээлтэй гарц, гарам, хашааны дөрвөн стандарт батлуулжээ. Хамгийн сүүлд 2018 онд “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц” үндэсний стандартыг баталсан юм. Эдгээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд говийн бүс дэх 416 км төмөр замын дагуу өдгөө 27 нүхэн гарц байгуулаад буйг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан мэдээлэв. Мөн манай орны төвийн бүсэд шинээр барьж байгаа 103 км төмөр зам дагуу нэмэлтээр 10 гарц байгуулж, амьтанд аюулгүй тусгаарлах хашаа босгохоор төлөвлөснийг танилцууллаа. Тус байгууллагын судлаачид шинжлэх ухаан, оновчтой бодлого, инженерийн шийдлийг нэгтгэснээр хүн болон зэрлэг амьтдад аль алинд нь ээлтэй дэд бүтэц төлөвлөн байгуулах боломжтойг онцлов. Судлаачид говийн бүс дэх төмөр зам дагуу автомат камер суурилуулж, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хянахад олонх нь зориулалтын гарц, гармыг идэвхтэй, аюулгүй ашиглаж байжээ.
Н.Мишээл