Томууны өвчлөлийн дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн эрүүл мэндийн 150 төв болон дөрвөн тосгоны өрхийн эмнэлгийг энэ сарын 24, 25-ны бямба, ням гарагт 11.00-16.00 цагийн хооронд ажиллуулах болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлэв. Тус төвийн дарга Н.Наранбаатар “Томууны өвчлөлийн 60 хүртэлх хувийг 0-6, үүний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 80 хүртэлх хувийг мөн л энэ насныхан эзэлж байна. Сүүлийн гурван жилийн байдлаас үзэхэд томууны дэгдэлтийн оргил үе аравдугаар сарын 19-24-ний үед тохиосон байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед томууны дуудлага тав дахин нэмэгджээ. 0-6 насны хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэхийн хэрээр хэвтэн эмчлүүлэгчид мөн төдий хэрээр ихэсдэг. Иймд зорилтод бүлгийн иргэдийг вакцинд хамруулах, гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр зорьж буй. Үүний хүрээнд нийслэлийн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулна” гэв.
Ташрамд дуулгахад, ханиад, томууны оргил үед эх, хүүхдийг хонгилд хэвтүүлэхгүй байхын тулд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмж 1600 гаруй ор бэлджээ.