Төрийн дууллын өдрийг тохиолдуулан өчигдөр орон даяар 910 сургуулийн 557 225 сурагч Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүллээ. Мөн 21 аймаг болон нийслэлийн төв талбайд морин цаг буюу 11.40-д эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулж, иргэд Төрийн дууллаа хамтдаа дуулав.
Жил бүрийн аравдугаар сарын 20-ныг Төрийн дууллын өдөр болгон тэмдэглэх санаачилгыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүх гаргажээ. Түүний санаачилгыг үндэслэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас “Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд өнөө жил анх удаа орон даяар зохион байгуулсан нь энэ юм.
Аравдугаар сарын 20 нь манай улсын тусгаар тогтнолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Учир нь 1945 оны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг бататгах бүх ард түмний санал хураалт явуулжээ. Тухайн үед монголчуудын дөнгөж тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул иргэд саналаа гарын үсэг зурж, эсвэл баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан аж. Үүнд сонгуулийн насны иргэдийн 98 хувь нь оролцож, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо бататгахыг дэмжсэн түүхтэй.
Тэгвэл Монгол Улс 1950 онд албан ёсны Төрийн дуулалтай болжээ. Дэлхийн II дайн дууссаны дараа шинэ сүлд дуу бүтээх ажлыг эрчимжүүлж, зохиолч, яруу найрагчдын дунд уралдаан зарласан байна. Уралдаанд хэд хэдэн хөгжмийн зохиолч оролцож, бүтээл туурвиснаас Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын зохиосон аялгууны хэсгийг Ц.Дамдинсүрэнгийн шүлэгтэй нэгтгэсэн хувилбарыг сонгожээ. Улмаар 1950 оны дөрөвдүгээр сарын 26-нд Улсын Бага Хурлаас “Сүлд дуулал батлах тухай” зарлиг гаргаснаар БНМАУ албан ёсны Төрийн дуулалтай болсон юм.
У.Сүрэн