Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт, хамтын ажиллагаа, гэрээтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд өртөж, сэтгүүлчид хоорондоо хөлөө жийлцэж буй энэ үед Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төв (Nest center)-өөс уриалга гаргажээ. Үүнд “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүжилт, орлогын эх үүсвэртэй холбоотой олон нийтийн дунд үүсээд буй эргэлзээг тайлж, иргэдийн асуултад бодитой хариулт өгөхийг төрийн байгууллагууд болон редакцуудад уриалж байна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгч олон нийтийн хөрөнгийг ямар үндэслэлээр аль байгууллагыг сонгон хамтарч, түүнийхээ гүйцэтгэлд ямар мэдээллийг олон нийтэд хүргэсэн зэрэг тайлангаа ил тод байршуулах нь үндэслэлгүй хардалт, зүй бус хамтралаас сэргийлэх гол алхам билээ. Иргэд татварт төлсөн мөнгөө хэрхэн зарцуулсныг мэдэх эрхтэй. Олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар баримттай мэдээллээ ил тод байршуулахыг хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагуудад уриалж байна” гэжээ.
Иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн санхүүжилтийн эх үүсвэрээ ил тод мэдээлдэг туршлага хэвлэл мэдээллийн салбарт хэдийн нутагшсан. Тухайлбал, дотоодын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллага редакцын бодлого, санхүүгийн эх үүсвэр зэргээ ил тод тайлагнан, олон улсын сэтгүүл зүйн стандартыг хангажээ. Хэвлэл мэдээллийн салбарын нийгмийн ач холбогдол, нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа энэ үед санхүүжилтээ ил тод, нээлттэй зарласнаар олон нийтийн итгэлийг хүлээж, улс төрчдийн зөрчил дунд чирэгдэхгүй байх боломжтойг дээрх байгууллагаас онцолсон юм.
Ч.Болор