Зам, тээврийн сайдын баталсан “Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам”- ын дагуу Төмөр замын газраас “Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгож хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч эзэмшигч, түрээслэгч 62 байгууллагын мэдээллийг багтаасан аж. Уг цахим үйлчилгээг ашиглан хөдлөх бүрэлдэхүүний бүртгэлийн дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн үзүүлэлт, шаардлагатай бичиг баримтыг нь харах боломж бүрджээ. Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх эрхийг баталгаажуулсан “Хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээ”-г олгож эхэлсэн ба одоогоор 14 аж ахуй нэгжид 4171 гэрчилгээ олгоод байгаа аж. Эдгээрийн мэдээллийг ч цахим талбарт байршуулжээ. Ийнхүү нэгтгэн мэдээлснээр өмчлөгч, эзэмшигч байгууллагууд нь системд нэвтрэн техникийн болон бусад үзүүлэлтээ шалгах, эцсийн өмчлөгчийн нэр ил тод байх, төрийн албаны ачааллыг бууруулж, цаг хэмнэх зэрэг ач холбогдолтой бөгөөд дараах https://rsis.warehouse.mn/login хаягаар үйлчлүүлэхийг Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
С.Дулам