11 настай Х.Хувьзаяа охин хайртай муураа алдсаныхаа дараа гээсэн эд зүйл болон тэжээвэр амьтнаа олоход туслах “Аzzar.mn” сайт, “Аз” аппликейшнийг бүтээх санаа олжээ. Тэрбээр аав Э.Хишигбаярынхаа хамт уг аппликэйшнийг хоёр сарын хугацаанд хөгжүүлж, саяхан ашиглалтад оруулсан байна. Энэ талаар түүний аав “Охин минь муураа алдаад шаналж байхдаа “Аав аа, ер нь тэжээвэр амьтан, эсвэл эд зүйлээ алдсан үед олж өгдөг аппликэйшн байдаг уу” гэж асуусан. Би байхгүй гэтэл “Тийм аппликэйшнтэй бол ямар сайхан бэ” гэсэн юм. Ингээд хамтдаа судалж үзэхэд үнэхээр ийм төрлийн платформ байгаагүй тул алдсан, гээсэн зүйлээ олоход нь хүмүүст туслах зорилгоор аппликэйшн бүтээхээр шийдсэн” хэмээв.
Аппликэйшний нэрийн хувьд охины алдсан муурыг Азка гэдэг байжээ. Тиймээс бусад хүн ч мөн алдсан зүйлээ олж, азтай байгаасай хэмээн “Аз” гэж нэрлэсэн аж. Эл аппликэйшнд хэрэглэгч утасны дугаар болон цахим шуудангийн хаягаараа бүртгүүлж, алдсан болон олсон зүйлсийнхээ талаарх мэдээллийг нийтлэх боломжтой. Тухайлбал, машины түлхүүрээ алдсан бол “Гээсэн” хэсэгт нэвтэрч, онцлог шинжийг тодорхойлон, ижил төстэй зураг хавсаргаж болох аж. Харин бусдын гар утас, бичиг баримт зэргийг олсон хүн мөн адил зураг, мэдээллийг нь оруулснаар эзэнд нь хүргэхэд туслах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй аж.
Э.Сүйлэн