Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүрэг, чиглэл өгчээ. Түймэр нийт 528 765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468 965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн 80 хувь нь шатсан байна. Түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатайг салбарын сайд нь тодотгов.
Тус сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой гаргахад анхаарч ажиллахыг сануулжээ. Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэх аж.
Ташрамд дуулгахад, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хоньт болон Асгатад гарсан хээрийн түймрийг унтраасан байна. Мөн Хэнтий аймгийн Тэмээт гангын ар гэх газарт гарсан түймрийг уржигдар 20.00 цагт унтраажээ.
Ч.Цэлмэг