Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун, тоон загварчлалын судалгааны хэлтсээс ирэх өвлийн “зурхай”-г гаргажээ. Тодруулбал, 11-1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзэхэд ирэх сард зүүн гурван аймаг, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь болон Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дундаж (1991-2020)-аас хүйтэн байх нь. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар ахиу, бусад нутагт урьд жилүүдийн орчим цас унахаар байгаа аж.
Харин арванхоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг баруун аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай олон жилийн дунджаас дулаан байх гэнэ. Зүүн гурван аймаг, Өмнөговь, Дорноговьд ахиу хэмжээний цас орох төлөвтэй. Нэгдүгээр сард мөн баруун болон төвийн аймгийн нутгаар дулаан байх бол Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарт олон жилийн дунджаас ахиу цас орох гэнэ.
Ерөнхийдөө өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард төв, зүүн аймгийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар хэвийн, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар цас ахиу орох төлөвтэй байна. Харин арванхоёр, нэгдүгээр сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хур тунадас арванхоёрдугаар сард говь болон зүүн, нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох аж. Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, агаарын хэмийн огцом өөрчлөлтийн улмаас мөсөн бүрхүүл үүсэх, зам, даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн анхаарууллаа.
Ч.Туяа