Сагсан бөмбөгийн спортын оргил лиг болох NBA-гийн 2026-2027 оны улирал өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн зун болсон үйл явдал, солилцоог ажиглавал “Дорнод” бүсэд сүүлийн жилүүдийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Учир нь плей-оффын найман эрхийн төлөө бодитоор өрсөлдөх багийн тоо энэ бүсэд хэдийн арав давжээ. Ирэх найман сарын турш сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татах “Дорнод” бүсийн гол өрсөлдөөн, хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлоё.
ДУУЛИАНТ ШИЛЖИЛТҮҮД
Энэ зун хэд хэдэн дуулиант наймаа олны чихийг мялаав. “Милуоки бакс”-т 13 жил тоглосон Я.Адетокунбо 2025-2026 оны бүтэлгүй улирлын дараа багаа сольж, Т.Херо тэргүүтэй хэдэн тоглогч оролцсон солилцоогоор “Майами хит”-д очив. Яннис лигийн шилдэг довтлогчдын нэг гэдгээ хэдийн баталсан бол түүний шинэ хамтрагч Б.Адебайо хамгийн найдвартай хамгаалагчдын нэг хэмээн үнэлэгддэг. Мэдээж “Хит” энэ зун гол мэргэн бууч болох Т.Херо, Н.Пауэллийг алдсан ч К.Томпсон, Э.Уиггинс, Д.Митчелл нар сайн тоглож чадвал Э.Споэльстрагийн баг “Дорнод”-ын өрсөлдөгчдөдөө бодит аюул учруулж мэднэ.
Харин аваргын төлөө өрсөлдөх багуудын тоонд эргэлзээгүй багтах нь “Филадельфи Сиксерс”. Өнгөрсөн зун Н.Нөрсийн баг Ж.Браун, Л.Жэймс нарыг эгнээндээ нэгтгэснээр үлэмж хүчирхэгжсэн. Ингэснээр “Филадельфи”-д “их гурвал” биш харин Л.Жэймс, Ж.Браун, Т.Макси, Ж.Эмбийд гэсэн “их дөрвөл” бүрдлээ. Хэрэв В.Ж.Эджкомб энэ улиралд тоглолтоо шинэ түвшинд гаргаж чадвал түүнийг ч энэ жагсаалтад эргэлзэлгүй багтааж болно. Авьяас чадварын хувьд хангалттай ч Леброн наснаасаа, Эмбийд бэртэлд өртөмтгий байдлаасаа шалтгаалаад улирлын ачааллыг дааж чадахгүй бол “Сиксерс” боломжит түвшиндээ хүрэхгүй. Түүнчлэн довтлогч, төвийн байрлалд сэлгээ хангалттай эсэх нь гол эргэлзээнүүдийн нэг хэвээр. Тоглогчдын харилцан ойлголцол ч мөн адил асуултын тэмдэг болно.
Ж.Брауныг явуулсан “Селтикс”-ийн хувьд П.Жорж багийн хоёр дахь од боллоо. Гэхдээ тэрбээр мэдээж Ж.Брауныг шууд орлохгүй. Ахиллын шөрмөсний гэмтлээ бүрэн эдгээсэн Ж.Тэйтумд туршлагаараа түшиг болж, довтолгоог удирдах, гурван онооны шидэлтээ оруулах зэрэг үүргийг Пи.Жи хүлээнэ. Хамгаалалтад Д.Уайт, Н.Кейта болон “Никс”-ээс ирсэн М.Робинсон нарт найдах бол довтолгоо нь Ж.Тэйтум, П.Жорж хоёрын бэлтгэл, эрүүл мэндээс ихээхэн шалтгаална. Хоёр гол од нь улирлын турш тогтвортой тоглож чадсан нөхцөлд “Селтикс” өндөр амжилтад хүрэх боломжтой. Шуугиант шилжилтийн тухай ярьж байгаа нөхцөлд К.Леонард “Торонто”-д эргэн ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр карьерынхаа хамгийн олон оноог өнгөрсөн улиралд дунджилж онцгойрсноо энэ жил давтаж чадах эсэхийг харъя. Түүнийг хамгаалалтад ч асар их тус хүргэдгийг мартах хэрэггүй. Харин довтолгоонд түүнд И.Куикли, С.Барнс нар хань болно.
АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН
“Дорнод” бүсэд энэ мэт солилцоо, наймаа ар араасаа хөвөрсөн ч энэ давлагаанд өртөөгүй хэдэн баг бий. Юуны өмнө аварга цолоо хамгаалах “Нью-Йорк никс” системээ эвдэхгүй байхаар шийдэж, үндсэн бүрэлдэхүүнээ бараг хадгалж үлдэв. Өнгөрсөн улиралд талбайд өнгөрүүлсэн минутаар багаа тэргүүлсэн 10 тоглогчоос ганцхан М.Робинсон л буйр сэлгэжээ. Түүнийг явснаар хамгаалалтад асуудал үүсэх нь үнэн ч түүний оронд ирсэн А.Драммонд улирлын өмнөх тоглолтуудад маш сайн тоглосон. “Никс” одоо ч NBA-гийн хамгийн хүчирхэг гарааны тавттай багийн нэг хэвээр. Гэхдээ аварга цолоо хамгаалах нь тэдний хувьд амаргүй байх болов уу.
“Кавальерс” бүрэлдэхүүндээ мөн л цөөн өөрчлөлт хийв. Д.Митчелл, Ж.Харден, Э.Мобли, Ж.Аллений дөрвөл хэвээрээ, харин гарааны тав дахь тоглогчоор П.Уотсон гарна. “Денвер”-т давгүй тоглож байсан түүнд К.Аткинсон дасгалжуулагч ямар үүрэг, хариуцлага өгөх нь сонирхол татаж буй. “Кавс”-ын хамгаалалт, довтолгооны хослол хүчирхэг хэвээр ч хамгаалалттай холбоотой эргэлзээ бий. Ялангуяа Д.Шрөдер, Д.Уэйд, К.Эллис нар явснаар “Кливленд”-ийн сэлгээ нимгэрсэн. Гэхдээ Ж.Харден, Д.Митчелл хоёр анх удаа бүтэн улирлыг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаа нь “Кавальерс”-ын боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж буй.
Өнгөрсөн улиралд бүсээ тэргүүлсэн “Пистонс” ч бүрэлдэхүүнээ хөгжүүлэх замыг сонгожээ. Харамсалтай нь “Детройт”-д К.Каннинхэмийн дараа довтолгооны ачааг найдвартай үүрэх тоглогч алга. Түүнийг талбайд байхгүй үед “Пистонс”-ын тоглолт мэдэгдэхүйц буурдаг тул Д.Женкинс зэрэг сэлгээний холбон тоглогчид улам сайн тоглох ёстой болно.
Түүнчлэн өнгөрсөн зуны турш олны анхааралд байсан Ж.Дюренд 200 сая ам.долларын гэрээг нь өглөө. Олон нийтийн өмнө ил болсон уг маргаан хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэх хар бий. Ямартай ч К.Каннинхэмийг орлох тоглогчгүй учраас өнгөрсөн жилийн амжилтаа давтах нь тэдэнд амаргүй байх болно.
БИТҮҮ МОРЬД
Дорнодын гол фаворитуудаас гадна сюрприз барьж мэдэх багууд бий. Ахиллын шөрмөсний гэмтлийн улмаас бүтэн улирлыг өнжсөн Т.Халлибөртөн аваргын цомоос атгаад алдсан “Индиана”-даа туслахаар эргэн ирлээ. “Атланта хоукс” байрлал бүрд хангалттай сайн сэлгээтэй учраас олон янзын гараа, тоглолтын хувилбар ашиглах боломжтой. Харин Ш.Свиниг эгнээндээ нэгтгэн хүчээ зузаатгасан “Орландо мэжик”-ийн залуу бүрэлдэхүүн дахин нэг алхам урагшлах нь гарцаагүй.
Түүнчлэн олон жил хомоол хамсан “Уизардс” драфтын эхний сонголтоор Эй.Жэй. Дибанцаг авсан. Карьераа шинээр эхлүүлэхээр “Вашингтон”-д ирсэн Т.Янг, Э.Дэвис нарын дэргэд тэрбээр өсөж дэвжих нь эргэлзээгүй.
Энэ бүх үйл явдал “Дорнод”-ын шинэ улирлыг урьд урьдынхаас илүү сонирхолтой болгох төлөвтэй. Тус бүсийн шилдэг багууд “Өрнөд”-ийн өрсөлдөгчдөөсөө бага зэрэг дутуу байж болох ч плей-оффын эрхийн төлөө дор хаяж 12 баг хүч үзэхэд бэлэн байна.
Э.МАНЛАЙБААТАР