Манай улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж, өчигдөр нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд нээлтээ хийлээ. Шүүхийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бөгөөд гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг энд тусад нь хүлээн авах юм. Тодруулбал, хүн амын эдгээр бүлэгт хамаарах хэргийг харьяалан шийдвэрлэх замаар шүүхийн мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх, хүний эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж хамгаалах, төрөөс баримтлах гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг үр ашигтай, бодитой хэрэгжүүлэхэд уг дагнасан шүүхийн зорилго оршино.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт арга хэмжээг нээж, “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд гэмт хэрэг, маргаан шийдвэрлэхээс илүүтэй зөрчлийн шалтгааныг ойлгож, талуудын хариуцлагыг ухамсарлуулах, эрх ашигт нь нийцсэн тогтвортой шийдэлд хүрэхийг чухалчилна. Хүний амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шүүх учраас хууль зүй, сэтгэл судлал, социологийн салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Эл шүүх нь яллаж, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг байх учиртай” гэсэн бол Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл “Монгол Улсын шүүхийн тогтолцоонд, тэр дундаа гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахад энэхүү үйл явдал том дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Нийгэм даяараа гэр бүл, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахад уг шүүх чухал ач холбогдолтой. Цаашид шүүгч, шүүхийн ажилтнуудыг мэргэшүүлэх зэрэг хамтын ажиллагааг цогцоор нь дэмжиж ажиллахад бэлэн” хэмээв.
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд тусгайлсан мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллуулах орчин нөхцөлөөр хангаад байгаа аж. Ингэснээр хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргуулах, хүүхдийн эрх, сэтгэл зүйн байдал, дээд ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж нэмэгдэх юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатныхад нь таван шүүгч томилоод байна. Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд Гэр бүлийн тухай хуулийн дагуу нийт 11 689 хэргийг шүүх шийдвэрлэжээ.
О.Ундрах