Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 20-ний өглөө угтан авснаар түүний тус улсад хийх албан ёсны айлчлал эхлэв. Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт болсон тус уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа харуулын цэргүүд түүнд хүндэтгэл үзүүлэн жагсаж, захирагч нь айлтгал өргөсөн юм.
Манай хоёр орон 2008 онд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, улмаар 2024 онд стратегийн түншлэгчид болсон билээ. Монголоос ХБНГУ-д Төрийн тэргүүний түвшинд хийж буй тав дахь айлчлал нь энэ бөгөөд үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэв. Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Түүнчлэн Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиолдуулан боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хийх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.
Мөн энэ өдөр Монгол, Германы хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Үүгээр хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ. Тухайлбал, Монгол- Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх аж. Улмаар батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулж, хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, Франкфуртэд Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлав.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар эдгээр албан ёсны хэлэлцээрийн үр дүнгээ уржигдар хамтарсан мэдээлэл хийж танилцуулсан. Манай Төрийн тэргүүний хувьд ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү айлчлал нь стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны хэлэлцээний үеэр улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, иргэд хоорондын солилцоо, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсоныг мэдээлсэн бол Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэхүү айлчлал нь зөвхөн дипломат харилцааны хүрээнд болж буй арга хэмжээ бус, харин хоёр орны онцгой дотно харилцаа, нягт хэлхээ холбооны тод илэрхийлэл гэдгийг онцолсон юм.
Айлчлалын хүрээнд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудыг танилцуулж буйгаараа онцлогтой” гэв. Эдгээр дурсгал нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлэх Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдгийг тодотгосон. Үзэсгэлэнг ирэх оны дөрөвдүгээр сарын 18 хүртэл үзэгчдэд толилуулах юм.
М.Гэгээ