Хүрэн баавгайтай холбоотой дуудлага, нөхцөл байдлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ныхан мэдээлэл хийв. Энэ сарын 19-20-ны хооронд буюу 24 цагийн хугацаанд суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 14 дуудлага бүртгэгджээ. Нэг нь Улаанбаатарт бүртгэгдсэн ч хуурамч дуудлага байжээ. Харин Архангай, Увс, Булган зэрэг нийт долоон аймагт 13 дуудлага бүртгэгдсэн аж. Дээрх хугацаанд буюу ганц хоногт айл өрхүүдийн ойролцоо ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан байна. Харин хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан бол таван дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг орон нутгийн шуурхай багийнхан гүйцэтгэж буй гэнэ.
Мөн Хан Хэнтий, Улаантайгын тусгай хамгаалалттай болон Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын дөрвөн байршилд баавгай орж иржээ. Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлж, нийт 48-ыг устгасан байна. Тодруулбал, Хөвсгөл аймагт 16, Хэнтийд 10, Сэлэнгэд найм, , Увсад дөрөв, Завханд гурав, Дархан- Уул, Төв аймагт тус бүр хоёр, Архангай, Булган болон Улаанбаатарт нэг баавгайг аюулгүй болгожээ. Үүний 43- ыг нь зөвшөөрлийн дагуу агнасан бол тавыг нь аргагүй хамгаалалтын улмаас хороосон гэнэ.
Мөн БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, Байгаль орчны улсын хяналтын газраас өчигдөр цахим уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр баавгайн тоо толгойг зохицуулахдаа холбогдох хууль, журам болон зайлшгүй агнасан тохиолдолд дээж авч судалгаа шинжилгээ, соёлын зориулалт (музей)-аар ашиглах, үлдсэн эд, эрхтнийг MNS 6406:2013 стандарт, батлагдсан журам, арга аргачлалын дагуу ариутган устгаж, баримтжуулахыг сануулсан юм. Тулгамдаж буй асуудлыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.