Иргэн Э.Батбаяр “Орон нутгийн замын хураамж 10 000 төгрөг болсныг цуцлах” асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдөл санаачилж, үүнийг нь 33 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан билээ. Иймд УИХ-ын байнгын хорооны тогтоолоор нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа ахалж, М.Бадамсүрэн, Ж.Галбадрах, Х.Ганхуяг, С.Замира, О.Саранчулуун тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах гэнэ. Үүнтэй холбоотойгоор аль аймаг, орон нутгийн замын төлбөр авах цэгт, ямар хүндрэл тулгарч буйг тодорхой бичиж, санал, гомдлоо дээрх гишүүдэд уламжилж болох нь.
Ташрамд дуулгахад, Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг наймдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Эл шинэчилсэн тарифаар суудлын автомашины хураамж 1000 байсныг 5000, ачааныхыг 10 000-аас 20 000 төгрөг болгож нэмсэн юм.
Ч.Туяа