Япон Улсад Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор Монголын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Айчи мужийн Нагоя хотод хөл тавьсан. Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн удирдлагад бэлтгэл базаасан Г.Ган-Эрдэнэ өчигдөр эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэн хувийн амжилтаа шинэчилж, мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр өнгөрсөн жил АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд бөөрөнцөг түлхэлт болон зээрэнцэг шидэлтийн төрөлд түрүүлж, хошой аварга болсон юм. Энэ удаа пара наадамд түүнтэй өрсөлдсөн тамирчдаас Иракийн Гарах Тнайаш 10.78 түлхсэн амжилтаар алт, Энэтхэгийн Рави Ронгали 10. 02 метр түлхэн хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд өмнөх наадам болох “Ханжоу-2022”-т оролцохдоо уг ангилалд дэд байрт шалгарсан юм. Харин энэ удаа зургаан оролдлогынхоо хоёр дахь шидэлтээр медалийн болзол хангаж, шагналын тавцанд зогсжээ.
Тэгвэл байт харвааны рекурв төрөлд цэц сорьж буй эмэгтэйчүүдийн баг хагас шигшээд БНХАУ-ын багт 2:6-гаар ялагдаж, хүрэл медалийн төлөө Ираны тамирчидтай энэ сарын 23-нд өрсөлдөхөөр болов. Түүнчлэн пара волейболын эмэгтэйчүүдийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Ираны багт 3:0-ээр хожигдож, V байрын төлөө БНСУ-ынхтай өнөөдөр тоглох нь.
Монголын баг одоогоор гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай 11 дүгээр байрт бичигдэж буй бол БНХАУ-ын тамирчид хошуучилж, зохион байгуулагч Япон болон Узбекистаныхан удаалж байна.