Монголын бүжгийн спортын холбооноос улсын аварга шалгаруулах хореографик латин бүжгийн болон формейшний цомын аварга шалгаруулах тэмцээнийг хамтад нь анх удаа зохион байгуулахад тус холбооны гишүүн 19 байгууллагын 71 баг оролцож, ур чадвараа сорьсноос “Star queen” багийнхан 35-45 насныхны senior 1 ангилалд түрүүлж, аваргаар тодорлоо. Өсвөр үеийнхнээс “Star girls”-ын бүжигчид хореографик латин бүжгийн төрөлд аварга цолоо хамгаалж, хошой алтан медалийн эзэн болов. Орон нутгаас өрсөлдсөн багуудаас “Star erdenes”-ийнхэн хүрэл медальтай өндөрлүүлсэн. Дээрх төрөлд оролцож эхний гурван байрт шалгарсан багийнхан Испанийн Гвадалажара хотод арваннэгдүгээр сарын 28-29-нд болох хореографик бүжгийн ДАШТ-д улсаа төлөөлж оролцох эрх авсан юм. Алтан цом гардсан “Star queen”-ийнхэн өнгөрсөн жилийн ДАШТ-д есөн орны 12 багтай өрсөлдөхдөө Д.Батсайханы дэглэсэн “Хунт нуур” бүжгээрээ дэлхийн аварга болж байв. Энэ нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх амжилт болсон билээ.
Түүнчлэн формейшний цомын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд “Star”-ынхан тэргүүлж, өсвөр үеийнхэд “MR dance sport academy” клубийн “Misses rouge”, senior ангилалд “BeTi” бүжгийн студи, “Pandora” хамтлагийн “Aurum”-ынхан эхний гурван байрт шалгарчээ. Тус холбоо УАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд зочин шүүгчдийг багтаадаг. Энэ удаа Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгчдээс гадна Литва улсаас Мартинас Кура, Хонконгоос Рэйнбоу Хо, Вьетнамаас Нгуеэн Хонг Тхи нар уригдаж тэмцээнийг дэнсэлсэн байна.