Цахим спортынхны “1win private club season 2” тэмцээнд найман орны баг өрсөлдөж буй. Тус тэмцээнд шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй “The MongolZ”-ынхон эхний тоглолтоо Шведийн хүчирхэг “Alliance” багийнхантай өрнүүлж, 2:0-ээр хожлоо. Өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгээр тэмцээний гараагаа амжилттай эхлүүлсэн тэднээс тоглолтын “гол дүр” нь bLitz байв. Тэрбээр багийнхаа ялалтад хамгийн их нөлөө үзүүлж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарав. “Alliance”-ынхан цахим спортод мөрөө тод үлдээсэн домогт багуудын нэг юм. Тэд хамгийн сүүлд 2019 онд бүрэлдэхүүнээ шинэчилж, “Dota summit 10” тэмцээнд Бразилын “paiN”-ийг 3:0-ээр хожин түрүүлснээр “Dota 2”-ын түүхэнд хамгийн өндөр хожлын цувралтай (25 дараалсан ялалт) багийн нэг болсон юм. Манайхан дараагийн шатанд ХБНГУ-ын “BIG” багийнхантай өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа базааж эхлэв. Тус багийнхан 2020 онд томоохон тэмцээнүүдэд дараалан амжилт гаргаж, дэлхийн чансааг тэргүүлж байсан юм.