Монголын шигшээ баг, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хангуулах “Олимп” сэргэлтийн баазын засвар, шинэчлэлийн ажил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хангал сумд эхэлсэн. 100 гаруй тамирчин хүлээн авах боломжтой тус бааз нь Улаанбаатараас 460, Орхон аймгаас 42 км-ийн зайд оршдог. Тамирчдын тэмцээний ачааллын өмнө болон дараах нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр хяналтад богино хугацаанд явуулж, олон улсын тэмцээн,наадамд тогтмол оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг баазыг ашиглалтад оруулснаар тамирчдын амжилтад ахиц гарах юм.
Одоогоор засвар шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай, санхүүжилт, тоног төхөөрөмж зэрэг тулгамдсан асуудлыг Засгийн газарт танилцуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас бүх талаар дэмжихээ илэрхийлснээс гадна холбогдох албан тушаалтнуудад ирэх жилийн эхний улиралд ашиглалтад оруулах үүрэг өгчээ. Энэ нь АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.