Улсын хэмжээнд энэ онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаан буудай тариалсан. Мөн 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн билээ. Тэгвэл урьдчилсан балансаар ургац хураалт 90 хувьд хүрээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнээс төмснийх 100, хүнсний ногооных 88.7 хувьтай байгаа аж.
Одоогоор 509.2 мянган тонн үр тариа, 169.1 мянган тонн төмс, 177.6 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Түүнчлэн малын тэжээл 189 мянга, тосны ургамал 30.8
мянга тонныг тус тус бэлтгээд байна. Газар тариалангийн бүс нутгуудаар энэ сарын 15-16-нд орсон хур тунадас, нойтон цасны улмаас 134 мянга га талбайгаас үр тариа, малын тэжээл, тосны ургамал хураах ажил түр зогсож, хойшилжээ. Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил өдгөө үргэлжилж буйг албаныхан хэлсэн.
Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпорац”-ын долоон салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан, стандартын шаардлага хангасан нийт 106 мянган тонн хүнсний улаан буудай нөөцлөөд байгаа гэнэ. Мөн борлуулалт, хадгалалтыг дэмжих зорилгоор гурилын үйлдвэрүүдэд 23 мянган тонн, тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.5 мянган тоннын үтрэм түрээсээр ашиглуулж буй юм байна.
О.Ундрах