Эрүүл мэндийн хөгжлийн төв Турк улсын Эрхтэн шилжүүлэн суулгах сан (Turkish transplant foundation)-тай хамтран ажиллах, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус сангийн ерөнхийлөгч Эюп Кахвежи тэргүүтэй мэргэжилтэн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх П.Батчулуун нар оролцон санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд донор болон эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах, мэргэжилтэн солилцох, сургалт семинар зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцсон аж. Турк улс нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр олон улсад тэргүүлэх туршлагатай бөгөөд манай улс хамтран ажиллахаар болсон нь тухайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмнэ хэмээн мэргэжилтнүүд онцолсон юм.