Өмнөд хилийн Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 17-ны бямба гарагт манай улсын иргэн Г, Б нар БНХАУ руу гарах гэж байхдаа автомашиндаа их хэмжээний алт нууж, хилээр нэвтрүүлэх гэж байсныг тагнуул, гаалийн ажилтнууд илрүүлэн саатууллаа.
Тэдний машиндаа нуусан алт нь 8.2 кг орчим байсан бөгөөд Монголбанкны тухайн өдрийн ханшаар 4.1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтыг үндэслэн хэрэг нээж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Орчлон