Улсын ерөнхий прокурорын газраас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцсоноо мэдээллээ. Тодруулбал, энэ оны III улирлын байдлаар тус хуулийг зөрчсөн 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 62.1 хувь нь орон нутагт, үлдсэн нь нийслэлд бүртгэгдсэн байна. Үүний 202 нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил бөгөөд түүнийг хадгалж, худалдаж байжээ. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Бүртгэгдсэн зөрчлийн дагуу 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, нийт 759.2 сая төгрөгөөр торгожээ. Хүнсний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул ийм үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүний чанар, хадгалалтын нөхцөл, хэрэглэж дуусах хугацаанд тавих хяналтаа сайжруулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг прокурорын байгууллагаас зөвлөлөө.
О.Оргилох