Усны газрынхан НҮБ-ын суурин төлөөлөгч, манай оронд суугаа Элчин сайдын яамдын ажилтнууд, олон улсын болон хандивлагч байгууллагынханд хандсан байна. Тодруулбал, дээрх газрынхан, Монголын жорлонгийн холбоо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхан хамтран Улаанбаатарт буй 680 000 орчим нүхэн жорлонгийн аюулын талаар танилцуулж, агаар, хөрс, усны бохирдол үүсгэн, гамшгийн хэмжээнд хүрснийг мэдээлсэн аж. Дөнгөж 300-400 шоо метр талбайд тархсан энэ олон нүхэн жорлонгоос шалтгаалан Улаанбаатарын ойролцох гол, горхи гэдэсний савханцар нянгаар бохирдож байна гэв. Тиймээс хүүхдүүд янз бүрийн халдварт өвчнөөр өвчлөх, ханиад томуу хүрэх эрсдэл нь улам өсөж буй юм байна. Мөн нийслэлд 23 000 худаг, дээрх тооны жорлон байгаа нь нэг худгийг ойролцоо 30-40-үүлээ “шавж”, ундны усны бохирдлыг өсгөх томоохон хүчин зүйл болсныг Усны газраас онцоллоо. Тиймээс дээрх байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг хүсэж буйгаа илэрхийлснийг тус газрынхан хэлэв. Талууд ямар шийдэлд хүрч, хэрхэн хамтран ажиллахаар болсныг удахгүй мэдээлэх юм байна.
С.Цэрэн