Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн тав дахь удаагийн пара наадмын тэмцээнд манай улсын баг медалийн хур буулгаж байна. Энэ удаа пауэрлифтингийн төрөлд хүч сорьсон Монголын пара үндэсний шигшээ багийнхнаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд хоёр дахь өргөлтөө 236, гурав дахиа 246 кг-ыг захиалан амжилттай өргөж, хошой аваргаар тодрон эх орондоо дөрөв дэх алтан медалийг авчрав. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Ираны тамирчин Гарибшахи Али Акбар эхний оролдлогоороо 245 кг-ыг шахаж мөнгө, БНХАУ-ын Лю Жянь 231 кг-ыг өргөн хүрэл медаль хүртлээ. Манай тамирчны хүчтэй өрсөлдөгч болох Гарибшахи Али-Акбар тус жинд тив, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг аж. Түүнчлэн хөнгөн атлетикийн төрөлд оролцсон Л.Батхишиг T47 ангиллын 400 метрийн уралдаанд IX байрт орсон юм. Түүний хувьд гараандаа эхний дөрвөн байрт шалгарсан. Буудлагын төрөлд P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд эмэгтэйчүүдээс А.Ууганцэцэг онч сорьж, урьдчилсан шатанд 534.11 оноогоор 17 дугаар байр эзэлжээ. Уг дасгалд Ираны Фаези Ахмади алт, түүнтэй нутаг нэгт тамирчин Сарех Жаванмадди мөнгө, Энэтхэгийн Ширишти Арора хүрэл медаль гардав.
Манайхан одоогоор дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай 13 дугаар байрт бичигдэж байна.