Кибер аюулгүй байдлын зөвлөлийн өчигдрийн ээлжит хуралдаанаар цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг сүүлийн таван жилд огцом өссөн болон хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ. 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг цахим орчных эзэлж байжээ. Тэгвэл энэ онд уг үзүүлэлт 32 хувь болж нэмэгдсэн бөгөөд эхний есөн сарын байдлаар 11 440 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Өнгөрсөн жил цахим гэмт хэргийн улмаас иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбумыг нь битүүмжилжээ. Мөн 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн аж. Нийт гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглан үйлдсэнийг албаныхан сэрэмжлүүлэв.
Тэгвэл энэ сарын байдлаар цахим гэмт хэргийн улмаас иргэдэд 28 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж. Иймд хуурамч хаяг, сэжигтэй холбоос руу нэвтрэхгүй, сугалаа болон бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм. Энэ талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор www. zalilan.113.mn цахим хуудас ч ажиллуулж буй гэнэ. Эндээс цахим залилангаас сэргийлэх түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйл хаяг шалгах, өртсөн үед авах арга хэмжээний талаарх заавар, зөвлөгөөтэй танилцах боломжтой.
О.Оргилох