Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах чиглэлээр олон ажил төлөвлөсөн. Юуны өмнө малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн билээ.
Энэ ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн хэмээн мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар 4466 хоршооны 14 688 малчинд 502.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төслийг арилжааны банкууд судалж байгаа аж.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.