Гарааны бизнесийн судалгаа, үнэлгээгээр мэргэшсэн “StartupBlink” байгууллага “Дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индекс” (GSEI)-ээр манай улсыг 100 орноос 95 дугаар байрт эрэмбэлжээ. Жагсаалтыг АНУ, Их Британи, Израиль, Канад, Герман тэргүүлсэн бол Монгол өнгөрсөн жилийнхээс таван байр ухарч, Азербайжан, Этиоп улсын дунд бичигдсэн байна.
Францын Парис хотод төвтэй дээрх судалгааны байгууллага энэхүү индексийг 2017 оноос гаргаж эхэлсэн бөгөөд улс орнуудыг гарааны компаниудынх нь тоо, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадамж, технологийн болон бизнесийн дэд бүтцийн хөгжил, хууль, эрх зүйн орчин зэргийг нь харгалзан эрэмбэлдэг аж. “Дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индекс”-ийн тайланд “Монголын гарааны бизнесийн экосистем хөгжиж буй ч олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж дурджээ. Ташрамд дурдахад, эл индексийг тооцож эхэлснээс хойш манай улс хамгийн өндөр үнэлгээг 2022 онд авч, өмнөх жилийнхээсээ долоон байраар урагшлан 81 дүгээрт орж байжээ.
Н.МИШЭЭЛ