Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны намар ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл амаржих газрын шинэ байрны нээлтийг өчигдөр албан ёсоор хийж, тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлснийг олон нийтэд мэдээллээ.
Төрөхийн шинэ байр есөн давхар, 180 ортой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй гэнэ. Эмнэлгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нь олшруулан долоон кабинеттай болгож, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа аж. Салбарын сайд, дарга нар, холбогдох албаны хүмүүс өчигдөр тус эмнэлэгт ажиллахдаа нэн шаардлагатай, өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт, хуучин барилгыг нь хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдэх талаар ярьсан юм.
Н.Ган