Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон хүний папиллома вирусний эсрэг вакциныг манай улс товлолын дагуу 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хийж буй. ХӨСҮТ-ийн мэдээлснээр 11 настай нийт хүүхдийн 27.9 хувь нь уг вакцинд хамрагджээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийлгэсэн байна. Ийм насны нийт 78 622 хүүхдийг дархлаажуулахаас 21 928-ыг нь хамруулсан гэсэн үг. Тэдний 12 028 нь орон нутаг, 9900 нь Улаанбаатар хотын харьяат аж. Говь-Алтай аймагт вакцинжуулалтын явц хамгийн өндөр буюу 57, Архангайд 54.5, Баянхонгорт 43.3 хувьтай байна. Харин Дундговь, Дархан-Уул, Дорноговь аймагт уг вирусний эсрэг вакцинд хамрагдах байдал 16-19 хувьтай гарчээ. Нийслэлийн хувьд Налайх, Сүхбаатар дүүрэгт 36-38 хувийн хамрагдалттай байгаа бол Баганхангай дүүрэгт вакцинд хамрагдсан хүүхдүүд ердөө 5.2 хувийг л эзэлж буй гэнэ.
Ташрамд дуулгахад, манай улсад умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоо эмэгтэйчүүдийн дунд элэгний хавдрын дараа бичигдэж буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 1058 эмэгтэйд элэгний хорт хавдар оношлогдсон байна. Харин умайн хүзүүний хорт хавдрын 521 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ч.Болор