Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэнэ, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэх юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр, уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.
Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал уран дархны урлагтай салшгүй холбоотой байдаг. Монгол айл гэрийн тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд уран дархан, урлаачдын ур ухаанаар бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн түүхтэй билээ.
Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл, манай дархчууд, үндэсний урлаачид Та бүхэн монгол дархны ур ухаан, торгон мэдрэмж шаардсан гайхамшигт бүтээл бүтээхийн зэрэгцээ аливаа юмны учир зүй, эе эв, арга билгийг уялдуулж чаддаг хосгүй авьяастан, бурхнаас заяагдсан билиг ухаантан билээ.
Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм.
Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.
Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр, зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.
Үүний зэрэгцээ монгол дархан, урлаачид өөрийн гэсэн өвөрмөц хэв загвар, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг хөгжүүлж ирсэн нь Ноён сэврээ, Дарьганга, Хүрээ зэрэг дахин давтагдашгүй хэлбэр хийц, загвараас тод харагддаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ аугаа их түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон Монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.
Мөн 2024 онд Төрийн тахилгат Хан Хэнтий уулын их шүтээн оргил Бурхан халдун хайрхан, Их Эзэн Чингис хааны онгон шүтээнийг сүслэн дээдлэх зорилгоор Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд “Хүндэтгэлийн цогцолбор” бүтээх тухай зарлиг гаргасан байна.
Энэ ташрамд энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан – Өв соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж, Та бүхний шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ болон гадаадын зочид гийчдэд сурталчлан таниулах аж.