Баянгол дүүргийн I хорооны нутаг дахь орон сууцад 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ний өглөө хүү нь ээжийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан юм. Цагдаагийн байгууллагад уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн очиж шалгалт хийхэд 50 настай Н гэх эмэгтэйг төрсөн хүү нь 5-6 удаа хутгалж хөнөөсөн байжээ. Эл хэргийг түүний ганц хүү Н.БатЭрдэнэ үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.