УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр ХҮН намын дотоод зөрчил, гишүүддээ үзүүлдэг дарамт шахалтын талаар олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр “Ер нь манай намд дотоод ардчилал гэж үгүй болсон. Дарга сэтэртэй хэдэн хүн толгой мэдэн хамаг шийдвэрийг гаргадаг, хэрэгтэй үедээ гишүүддээ наалддаг, хэрэггүй болохоор ар, өврөөс хутгалдаг явдал хавтгайрлаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагынхнаас, сэтгүүлчдээс хамгаалалт хүсэж байна. Намын гишүүдийг дандаа занадаг, гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрдаг боллоо. Та бүхэн маш сайн харж, “Хэн хэнийг ил, далд хэрхэн сүрдүүлж байна вэ” гэдгийг анзаарах хэрэгтэй. Би гадаад харилцаа сайтай учраас олон улс, хүний эрхийн байгууллагад хэрхэн хандах учраа мэднэ, тийм боломж нь ч бий. УИХ-ын гишүүн Б.Найдалаа кноп хамтарч дарсангүй гээд ширээ балбаж босож ирсэн. За яах вэ, хүслийнхээ эсрэг, хэлснээр нь болъё гээд хэд хэдэн удаа оролдтол төхөөрөмж нь үнэхээр ажиллаагүй, үнэнээ хэлсэн. “Энэ олон гишүүд өөдөөс харж байна, ичиж амьдаръя, нэр хүндээ бодъё” гэтэл ингэж уурласан. Би энэ болгоныг тэвчээд олон сар дуугүй явлаа. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар үүнийг мэдэж байгаа. Өмнө нь хэлсэн. Хүний эрхийн асуудал хариуцдаг, мэдрэмжтэй, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдэд ажиллаж байсан, одоо ч хариуцаж байгаа УИХын гишүүн, хуульч Х.Баасанжаргалд ч энэ талаар ерөнхий мэдээлэл хүргэсэн. Олон улсын парламентчдын бүлгэмд хандахаар англиар захидал хүртэл бичсэн ч хүнлэг, хүлээцтэй, энэрэнгүй сэтгэлдээ дийлдээд өдий хүртэл илгээж чадаагүй юм. Гэхдээ бид хэдий болтол хүлээцтэй байх вэ. Ийм байж болохгүй. ХҮН намд дотоод ардчилал байтугай зүйлс алга. Шулуухан хэлэхэд, энэ нам одоо тарах хэрэгтэй. Бидэнд өөрөөрөө байх боломж, эрх чөлөө өгөхгүй байна. Маш хэцүү байна. Би өдий хүртэл ямар их тэвчээр гаргасныг ойлгож, талархаж хүлээж авах хэрэгтэй. Сая чуулганы үеэр үг хэлэхэд П.Наранбаяр сайд тэр болгоныг шүүмжиллээ. Энэ хүн Боловсролын яамыг өөрийнх юм шиг аяглаж байна. Үг сонсож чадахгүй бол яаж ажиллах юм, Монгол Улс хөгжих үү. Эрх мэдэлд хүрээд жил ч болоогүй хүнээ байж байгаа хүн цаашид яах вэ. Үнэхээр ийм байж болохгүй” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Н.Мишээл