“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” ХК хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан талаар экологич Д.Туяа өчигдөр мэдээлэл хийлээ. Тус компани 2025 онд ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр зургаан сар орчмын хугацаанд олборлолт хийсэн, аюултай хог хаягдлаа зориулалтын бус газарт хаясан гэж тэрбээр хэлэв. Д.Туяа “Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумд ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай танилцахдаа тус компанид холбогдох дөрвөн зөрчлийг илрүүлсэн. Эднийх химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буйгаас ажилчид нь болон тухайн орчин дахь мал, амьтан хордох аюул үүсээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, хадгалах агуулахгүй гэдгийг баримтжуулж, БОУАӨЯ-нд шаардлага хүргүүлсэн. Эл асуудлыг мэргэжлийн байгууллагынхан хянаж шалгахгүй, шалгасан ч чимээгүй орхиж, нуун дарагдуулдаг. “Эрдэнэс Тавантолгой” нөхөн сэргээлтэд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн ч таван тэрбумаар л ийм ажил хийсэн. Өдгөө эл компанийн олборлолт явуулж буй газарт Хүннүгийн болон хүрэл зэвсгийн үед холбогдох соёлын үл хөдлөх дурсгалууд бий. Мэргэжлийн судлаачид 2022 онд тухайн бүсэд судалгаа хийгээд соёлын дурсгалтай газарт үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн хориглох санал гаргасан. Гэсэн ч эл компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Эдгээр асуудлыг анхааралдаа авна уу хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандан хэвлэлийн хурал хийж байна” гэлээ. Экологич Д.Туяагийн ярьсан зүйлсийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахаар холбогдоход “Судалж байгаа, удахгүй тодорхой мэдээлэл өгнө” гэв.
Ц.Цэнд-Аюуш